Э.АРИУНБОЛД-ын ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС үзэсгэлэн

Монголын хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ.

Тэдгээр захидлын эх хувиуд Ромын Ватиканы нууц архив, Германы Үндэсний номын сан зэрэг дэлхийн улс, орнуудад хадгалагдаж байдаг бөгөөд захидлын хуулбарыг калиграфаар, бичиг үсгийн сонгодог дэгээр бичиг үзүүлж байгаа юм.

Энэ үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энболд нээж:

“Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт юм. Энэ үзэсгэлэн нь захидлуудыг хуулбарлан цогцоор нь гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд эх хэл, бичиг соёлоо олон нийтэд хүүхэд залууст бахархуулан таниулахад тустай юм. Хүрэлцэн ирсэн Та бүхнийг үзэсгэлэнг тогтон үзэхийг хүсэхийн зэрэгцээ урлаг судлаач Э.Ариунболдын судалгааны ажил, уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм.

Үзэсгэлэнд тавигдсан Их хаадын захидлуудыг бодит хэлбэр, хэмжээгээр нь хуулсан бөгөөд Аргун хааны захидал гэхэд 3 метр 2 см урттай байсныг хэмжээгээр нь хуулбарласан байна.

Үндэсний бичиг үсгийн баяр-2018

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баяр-2018 арга хэмжээ энэ жил “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулагдаж байгаа билээ.
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 арга хэмжээний хүрээнд Монгол төрийн түүхийн музейгээс эрдэмтэн судлаач Р.Отгонбаатарын хувийн цуглуулгаас дээжлэн МОНГОЛ НОМ БИЧГИЙН ЭРДЭНЭС үзэсгэлэнг 2018 оны 5 дугаар сарын 02-оос олон нийтэд толилуулах болно.
Үзэсгэлэнд монголчуудын оюуны болон бичгийн өв уламжлал, ном бичгийн хэрэгслийн ур хийц, ухаан билигийн охь болсон гайхамшигт дурсгалт зүйлсийг анх

 

 удаа дэлгэн үзүүлэх бөгөөд Төрийн ордны Монгол төрийн түүхийн музей олон нийтэд нээлттэй үйлчлэх болсон тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.    ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 

 

   

Чингис хааны алтан зоос

 

Нүүр талд:

ХААДЫН ХААН АУГАА ИХ ЧИНГИС ХААН”

Ар талд:

Коран судрын ишлэл, мөн Багдадын Халиф Насирын нэр цолыг бичжээ. Чингис хааны нэр бүхий алтан зоос 1996 онд анх Пакистанаас олдсон бөгөөд мөн Дундад Азийн Газни, Бухара, Самарканд, Астарабад хотуудад гаргаж байсан нь одоогоор мэдэгдэж байна.

Тусгаар тогтнол” сэдэвт лекц, ярилцлага

Төрийн шагналт, түүхч, доктор Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Тусгаар тогтнол” сэдэвт лекц, ярилцлага 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 15:00 цагт Төрийн ордноо байрлах Монгол төрийн түүхийн музейд зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна