Мэндчилгээ

Монголчууд бид төрт ёсны 2200 гаруй жилийн баялаг түүхтэй ард түмний хувьд тэрхүү их түүхийн гэрч болсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг хойч үедээ уламжлуулан үлдээж, таниулан сурталчлах нь зүй ёсны хэрэг билээ.

Иймээс Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Төрийн ордныг өргөтгөж “Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг байгуулахдаа тус цогцолборын нэгэн хэсэг болгож Монгол төрийн түүхийн музейг байгуулсан түүхтэй.

Байгуулагдсан цагаасаа эх орны ирээдүй болсон залуу хойч үеэ өнө эртний түүхээрээ бахархах, төрөө дээдлэх үзлээр хүмүүжих, эв эеийг эрхэмлэсэн эх оронч үзэл бүхий иргэн болон төлөвшихөд Монгол төрийн түүхийн музей зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Монгол төрийн түүхийн музей нь төрт ёсны баялаг уламжлалыг музейд буй төрийн түүхэнд холбогдох түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлсээр дамжуулан олон нийтэд сурталчлан таниулахаас гадна өөрийн эрхэм зорилгын хүрээнд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг монгол дахь цорын ганц музей юм.

Мөн өөрийн үзмэр, эд өлгөдөө тулгуурлан төрт ёсны түүхийг олон талаас нь өгүүлсэн судалгааны цахим мэдээллийн санг бий болгосноороо улсын хэмжээнд анхдагч цахим музей болж чадсан бөгөөд ингэснээр үзэгч өөрийн сонирхсон сэдвээ сонгон монгол, англи хэл дээр танилцах боломжтой болсон явдал нь тус музей нэг онцлог болно.

Монголын төр ёсны өнө эртний түүхийг нэхэн судалж, нэгэн мөр ойлголттой болохыг эрмэлзэж байгаа энэ цаг үед бодит баримтанд тулгуурласан мэдээллийг гагцхүү музей өгч чадах бөгөөд Монгол төрийн түүхийн музейг байгуулахад эрдэм оюунаа зориулсан эрхэм түүхч, эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийлье.

 

ЗАХИРАЛ НОРОВЦЭРЭНГИЙН ОЮУНТЭГШ