Танилцуулга

Монгол төрийн түүхийн музейг үүсгэн байгуулах тухай санал санаачилга нь “Их эзэн Чингис хааны хөшөө,Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг барьж байгуулах үйл явцтай салшгүй холбогдож иржээ.

Уг цогцолборыг барьж байгуулахаар Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын гурван удаагийн зарлиг, Засгийн газрын таван удаагийн тогтоол гарсан нь монголын ард түмэн эзэн Чингис хааныхаа дурсгалыг мөнхжүүлэх замаар төрийнхөө үүсэл хөгжлийн түүхийг сурталчилсан музей байгуулах эртний чин эрмэлзэлтэй байсныг гэрчилдэг. Монгол улсын Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг барихдаа Төрийн ордныг өргөтгөн урд талд нь байгуулах, түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Монгол төрийн түүхийн музей байхаар шийдвэрлэсэн байна.

Музей байгуулах бэлтгэл ажлыг хангахаар 2007 оны 3 дугаар сард “Музейн ашиглалтын өмнөх захиргаа”-г Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын харъяанд байгуулж ажлын хамт олныг бүрдүүлж эхэлснээр музей байгуулах үндсэн үйл ажиллагаа эхэлсэн байна. Музейн үзүүллэгийг дэглэн зохион байгуулах ажил 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн дуусч анхны үзэгчээ хүлээн авсан байна.

Төрийн түүхийн музейн байр ашиглалт, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан 2012 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн Засгийн газрын 3 тоот тогтоол гарч тус музей нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд шилжин оржээ. Ингэснээр тус музей нь төрийн ёслол үйлчилгээний салшгүй хэсэг болж гадаад дотоодын дипломат төлөөлөгчдөд үйлчлэхийн зэрэгцээ энгийн ард иргэдэд нээлттэй үйлчлэх монголын анхны үнэ төлбөргүй музей болсон байна.