Төрийн ёслол хүндэтгэлийн танхим

Тус танхим нь НТӨ III зууны үед байгуулагдсан Хүннү гүрний анхны хаан Модунь шаньюйгаас эхлээд эдүгээ XXI зууны Монгол улсын Ерөнхийлөгч хүртэлх монгол төрийн тэргүүдээс гадна монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгүүд, бэлгэдлүүдийн талаар өгүүлэх болно. Төрийн ёслол хүндэтгэлийн танхим нь Монгол төрийн хаад, хатдын хөрөг, тэдний бусад улс орнуудтай харилцаж байсан дипломат албан захидлууд, төрийн тахилгатай уул овоод, улсын халдашгүй дархан байдлыг илтгэсэн хүрэл соёмбот хөшөө, газрын зургууд, монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлсэн төрийн сүлд, туг, далбаа болон төрийн бүрэн эрхт эзний бэлгэ тэмдэг болох есөн бэлгэдлүүд, уран зургууд зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ.