• ЧИНГИС ХААНЫ ТӨРИЙН БЭЛГЭДЭЛ

    Эмхтгэсэн: С.Дулам
    Он: 2006 он

    Энэхүү бүтээлд төрийн эрхэм бэлгэдлүүдийн талаар өгүүлсэн бөгөөд тэр дундаа Чингис хааны байгуулсан Их Монгол улсын төрийн үед өмнөх олон үе зууны бэлгэдлийн соёлоо улам боловсруулан хэрэглэж, монгол төрийн гол бэлгэдлүүдийг батлан зохиосныг өгүүлжээ.
    Эдгээрийн олонхи нь Чингис хаанаас ч өмнө Хүннү гүрний үеэс эхлүүлэн Хамаг монголын хаадаар дамжуулан ирсэн боловч Чингис хаан, түүний залгамжлагчдын үед монгол төрийн эрхэмжтэй болсон эрхэм бэлгэдлүүд болно. Үүнийн тодорхой нэгэн жишээ бол Монгол хаант төрийн есөн их бэлгэ билээ.
    Тус бүтээлийг олон нийтийн хэрэгцээнд зориулан Монгол төрийн түүхийн музей ивээн тэтгэж хэвлүүлсэн болно.

  • ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРАГ

    Эмхтгэсэн: Боржигин Гүн.Намсрай.
    Он: 2007 он
    Энэхүү эмхтгэлд Чингис хааны Алтан ураг, түүний цөм болсон Зүчи, Цагадай, Өгэдэй, Толуй зэрэг хөвгүүдийн удам хойчсын нэрсийг тодруулан нэгтгэж хураангуй хэлхээнд оруулан шастир болон холбогдох тайлбарыг оруулсан. Эмхтгэлийг олон нийтийн хэрэгцээнд зориулан Монгол төрийн түүхийн музей ивээн тэтгэж хэвлүүлсэн болно.

    Алтан ураг бол монголчуудын цагаан яст өвөг дээдсээс төрөн гарсан Алунгоогийн үр сад тэнгэрийн хөвгүүдийн удам. Алунгоогийн үеэс үндэслэн гарч ирээд итгэл хүч олсон нь Чингисийн үеэс жинхэнэ ёсоор “Их хааны Алтан ураг” гэж нэрлэх болсон ажээ.
    1206 онд Их Монгол улсаа байгуулж Чингис хэмжээгүй эрхт их эзэн хаан болсноор Хиад боржигин овгийн “алтан ураг” хэмээх хүмүүсийн эрх мэдэл хязгааргүй өсч, монгол олон овогтны буюу нийт монголчуудыг оройлон удирдах болжээ. Чингис хааны төрсөн хөвгүүд Зүчи, Цагадай, Өгэдэй, Толуй нарын үр ач нар Алтан ургийн гол цөм нь мөн.

  • МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

    Эмхтгэсэн: Н.Оюунтэгш /Монгол төрийн түүхийн музейн захирал/
    П.Дэлгэржаргал /Доктор, дэд профессор/
    Он: 2011 он

    Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Төрийн ордныг өргөтгөж “Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг байгуулахдаа тус цогцолборын нэгэн хэсэг болгож Монгол төрийн түүхийн музейг байгуулсан түүхтэй.
    Монгол төрийн түүхийн музей нь төрт ёсны баялаг уламжлалыг төрийн түүхэнд холбогдох түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлсээр дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах зорилгын үүднээс тус музейн сан хөмрөгт буй шилмэл үзмэрийг дээжлэн энэхүү каталоги номыг гаргасан.
    Тус бүтээлд Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны хөшөө, Өгэдэй далай хааны хөшөө, Хубилай сэцэн хааны хөшөө, Хүлэг Боорчийн хөшөө, Улсын го ван Мухулайн хөшөө, Монгол төрийн тамганы хөшөө, Монголын эртний улсууд шилэн галлерей, Монголын эзэнт гүрэн шилэн галлерей болон Монгол хаадын зоосон мөнгө, хаадын тамга, Цагаан ханангийн язгууртны булшнаас олдсон олдворууд, Маршал Х.Чойбалсаны бунхнаас гарсан эд зүйлс, монгол төрийн тамга тэмдэг, төрийн хүндэтгэлийн бэлэг дурсгалын зүйлс зэрэг хосгүй үнэт болоод сор бүтээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулга багтсан болно.

  • БИЧИГТИЙН АМ

    Зохиогч: Монгол төрийн түүхийн музей.
    Он: 2013 он

    Монгол төрийн түүхийн музей нь монголын орчин үеийн түүх, археологийн судалгаа, дүгнэлтүүдийг үзүүллэгээрээ дамжуулан сурталчлах зорилгоор Баянхонгорын Баянлиг сумын Их Баян уулын “БИЧИГТИЙН АМ”-ны хадны сийлмэл зургийн гэрэл зураг, видео бичлэг, хэв хуулбар авч өмнөх судлаачдын зохиол бүтээлийг үндэслэн ДҮГНЭЛТ-ТАЙЛБАР бүхий бэсрэг зурагт каталогийг эрхлэн гаргасан.
    Бичигтийн амны хадны сийлмэл зургийн гэрэл зураг, видео баримтжуулалт хийх ажлыг тус музейн 2012 оны хээрийн судалгааны ажлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ судалгаанд музейн арга зүйч Ш. Тогтохбаяр, эрдэм шинжилгээний ажилтан С.Батдорж, жолооч Б.Сүрэнхорол нар биечлэн оролцсон юм.
    Хад чулуун дээрх сийлмэл зургийг судлан тодорхойлоход түгээмэл арга болсон хар зураг гаргах ажлыг судлаачид өөрсдийн гараар зурах, эс бөгөөс орчин үеийн цахим технологи ашиглан хэв буулгах аргаар хийж ирсэн байдаг. Энэхүү номонд орсон хадны гэрэл зургийг хуулбарлан зурах ажлыг СУИС-ийн монгол зургийн багш Ц.Баттуяа хичээнгүйлэн гүйцэтгэсэн бөгөөд тэрвээр эртний хүмүүсийн хад чулуунд зураг хөргийг сийлэх, цоолборлохдоо гаргасан ором, цохилтын өнцөг, хүч зэргийг сайтар ажиглаж цаасан дээр хуулбарлан зурахдаа тэдгээрийн зах, ирмэг, өнцөг булан бүрийг аль болох анх зурсан арга техникийнх нь дагуу дүрслэн гаргасан байна.
    Музейн үзэгчид монголын эртний түүхийг гэрчлэх биет олдворыг илүүтэй сонирхдог бөгөөд судлаачдын эрдэм шинжилгээний ном зохиолыг тэр болгон олж унших боломжгүй байдгаас үүдэн нэрд гарсан түүх, археологийн соёлын дурсгалуудын талаар дэлгэрэнгүй сурталчлан таниулах нь музейн үүрэг билээ. Цаашид музейн судалгаа шинжилгээ-мэдээллийн технологийн албанаас эдгээр эртний дурсгалуудын тухай видео бичлэг хийж боловсруулсан музейнхээ цахим үзүүллэгт ашиглахаар бэлтгэж байна.

  • ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР

    Зохиогч: Н.Оюунтэгш /Монгол төрийн түүхийн музейн захирал/
    Он: 2016 он

    Энэхүү бүтээл нь Эзэн Чингис хааны шууд угсаа Халхын Анхдугаар Богд Жибзундамбын амьдрал, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд тэр дундаа түүний гайхамшигт сод авьяас билгийн илэрхийлэл болон үлдсэн дүрслэх урлагийн хосгүй үнэт өвүүд, бичиг үсгийн дурсгалуудын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.
    Халхын Өндөр гэгээн Занабазарын оюун санаанд боловсорч, урлах эрдмийнх нь дэг сургуулиар бүтээгдсэн бичгийн дурсгалууд, дүрслэх урлагийн бүтээлүүдийг машид дээдлэн хүндэтгэхийн сацуу нарийвчлан судлаж, сурталчлан таниулах нь энэ цаг үеийн бидний үүрэг билээ.