Цахим үзвэр

Монголын тухай

Монгол нутаг бол хүн төрөлхтний Соёл иргэншлийн үүслийн дэлхийн нэг голомт мөн

Одоогийн Монгол үндэстний удмын буюу генийн сан нь Африк тивээс нүүдэллэн ирсэн хүмүүс төв азийн ,Монгол нутагт олон арван мянган жил идээшин дасч амьдрах явцад бүрэлдсэн болохыг мэдээлсэн. Мөн тэрээр бусад шинжлэх ухааны салбарууд болох Түүх, Археологи, Биологи, Антропологийн тэргүүлэх судлаачдын үндэслэгээ дүгнэлтүүдээс:/…тэдгээр өвөг хүмүүс, газарзүй, цаг агаарын таатай орчныг хайн нүүдэллэх замдаа төв Ази, Монгол нутагт ирж суурьшин улмаар дэлхийн бусад газар оронд тархсан/ хэмээх нэгэн цогц судалгааг хийснээрээ ихээхэн ач холбогдолтой болжээ. Түүний хийсэн дараах дүгнэлтүүд, нь Монгол нутагт хэдий үед, ямар хүмүүс амьдарч эхлэн, урт удаан хугацаанд удамшин адилсаж, төрөлжин салснаар  хожмын Монголчуудын генийн сангийн нийтлэг тогтсон болохыг давхар баталж байгаагаараа шинэлэг юм.

Монгол төрийн бэлгэдэл

Монгол төрийн сүлд, туг, далбаа бол тэртээ Хүннү гүрний үеэс үүсэлтэй нарийн дэг жаяг бүхий төрийн нэгэн бэлгэ тэмдэг болно.

Хүннү гүрний хаан “өглөө сэрээд наранд, үдэш унтахын өмнө саранд мөргөдөг” /Сы Ма Цань *Ши Цзи*/ байв, мөн тэд галыг ихэд эрхэмлэн үздэг гэсэн сурвалжийн мэдээг үндэслэн нар, сар, гал гурвыг цогц байдлаар харуулсан нь Хүннү гүрний төрийн сүлд болжээ.

XIII зуунд Монголчууд үндэсний хэмжээнд дахин сэргэсэн нь Монголын эзэнт гүрэн байгуулагдаж евроазийн тал нутагт эрх хэмжээгээ хязгааргүй тогтоосон үе байлаа. Эзэнт гүрэн байгуулагдсан нь зөвхөн улс төрийн сэргэн мандалт биш монголчууд үндэстний хувьд мандан бадрах эхлэл тавигдаж түүний нэг илэрхийлэл нь Төрийн есөн хөлт цагаан туг байжээ. Есөн тугийг Чингис хаанаас өмнөх үед хэрэглэж байсныг эрдэмтэд судлан тогтоосон байна.

XIII – XX зууны эхэн үе хүртэл Монголчуудын дунд төрийн есөн хөлт цагаан туг сүлд шүтээний хувьд хүндлэл хүлээсэн хэвээр байсан нь хошуу нутаг бүр Есөн хөлт хар, цагаан, алаг сүлднүүдийг хийж тахисаар ирснээс харагдана.

1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсанаар Монголчууд тусгаар улсын хувьд төрийн аливаа үйл хэргийг явуулах болж Богд хааны зарлигаар Монгол төрийн сүлд, далбааг уламжлалт арга барилаар шинээр дүрслэх болсон байна.

Монгол улсын гадаад харилцаа, гэрээ хэлэлцээр

Монголчуудын төрийн түүхийн музейн цахим үзмэр “Монголчуудын гадаад харилцаа, гэрээ хэлэлцээр” бүлэгт Монголчуудын төрийн 2200 гаруй жилийн түүхэнд Монгол нутагт тогтож байсан нийт 16 төрт улсуудын гадаад харилцааны түүх, түүнд холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг багцлан оруулсан бөгөөд дотоод агуулгын хувьд маш өргөн сэдвийг хамарч чадсанаараа ач холбогдолтой  бүтээл болно.

Монголчуудын гадаад харилцааны түүх НТӨ III зууны үеэс Төв Азид анхны төр улсыг байгуулсан Хүн улс хөрш зэргэлдээ улсуудтай  харилцах болсон үеэс эхтэй.  Хүннү  улс хөрш орнуудтай харилцахдаа дипломатын маш нарийн дэг журам бүхий бодлого явуулж байжээ. Хүннү гүрний залгамжилсан Сяньби, Нирун зэрэг Монгол угсааны улсуудын гадаад бодлогын үндсэн зарчим нь Нанхиад нарын ээдрээтэй нарийн бодлогод хариу цохилт өгөх, хараат овог аймгуудтайгаа харилцаагаа улам нягтруулахад чиглэж байв. Монголчуудын гадаад харилцааны түүх дан ганц Монгол угсааны төрийн түүхтэй холбоотой бус, түүхийн зурвас үед Төв Азид хүчирхэгжин мандсан Түрэг угсааны Түрэг, Уйгур улсын төрийн гадаад бодлогоор мөн залгамжлан хөгжжээ.

Монгол хаадын алтан ураг

Чингис хааны дээд язгуур Бөртэ чино гэргий Гуа марал нараас салбарлан гарсан үр удмыг нь Алтан ургийнхан хэмээн үзсэн ба тэдгээрийн үр удмыг олон тооны мэдээ сурвалжийн материалыг үндэслэн хэлхээлж хийсэн чингисийн алтан ургийн тухай түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой анхны цогц бүтээл болжээ.

Овог, ураг хэмээх ойлголтууд нь маш эртний уг үндэстэй. Эртний Монголчууд нэгэн өвөг дээдсээс угсаалсан учир элгэн садны холбоогоор гагнагдан шүтэлцсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ. Ураг хэмээгч нь нэгэн овгийн хүмүүс өөртэйгээ яс цус нэгтэй хүмүүсийг нэрлэх нэр юм.

Алтан ураг хэмээгч нь наран гэрэлт язгуурт, тэнгэрийн угсааныхан хэмээгдэгч Чингис хаан, түүний уг удмынхныг хэлнэ. Чингис хааны дөрвөн хөвүүний уг удам нь энэхүү Алтан ургийн гол цөмийг бүрдүүлэх юм.

Судлаач Намсрай алтан ургийн хаад, ноёдын хэлхээг бүтээхдээ голлох зарим төлөөлөгчдөөр хэсэгчлэн үзүүлсэн байна.

Монгол төрийн хууль цааз

Төрийн засаглал, түүний эрх мэдлийн үүсэл, хөгжлийг судлахад Монголын эртний улсуудын хууль цаазууд голлох үүрэгтэй юм. Хүннү, Сяньби, Нирун,Тоба,Түрэг, Уйгур зэрэг эртний улсуудын зохион хэвшүүлж асан зарлиг бичиг, хэв хууль, тогтоосон дүрэм зэрэг нь хожмын Монгол улсуудад батлагдсан албан хууль боловсрон хөгжихөд гол үндэс нь болжээ. Монголын эртний улсуудад Хэв хууль, аман болон бичмэл хуулиуд байсан талаар сурвалжийн мэдээнүүд арвин байдаг боловч нүүдэлчдийн онцлогын дагуу тэмдэглэгдэн үлдсэн нь үгүй бөгөөд аман хэлбэрээр зан заншилд гүн тусгалаа үлдээжээ. Монголын ханлиг аймгуудын үеэс хэрэгжиж байсан Их засаг хэмээх хууль зүйлийн бичгийг Их Монгол улсын үед Чингис хааны зарлигаар Хуульчлан өргөтгөж, бичмэл томоохон хууль болгон хэвлүүлжээ. Чингис хааны байгуулсан Их Монгол улс нь хууль зүйн нарийн дэг журам бүхий нэгдмэл эзэнт гүрэн байсан ажээ. Их засаг хууль ба түүний мөн чанарыг тусгасан хууль зүйлийн бичгүүдийг Монголчууд XVIII зууны эхэн үе хүртэл хэрэгжүүлсээр ирсэн юм.

Монгол ноёдын зэрэг дэв, ямба ёслол

Монголчуудын төрийн байгууллын 2200 гаруй жилийн түүхэнд нийтдээ Монгол газарт 16 төрт улс тогтож байв. Тэдгээр улсууд төрийн ёслол хүндэтгэл, ноёд эздийн хэргэм зэргийн хувьд нүүдэлчдийн өвөрмөц арга барилтай байсан ба зарим үед (манжийн үед) суурьшмал ард иргэдийн цол, зэрэг хэргэм нэвтрэн уусах замаар улам хөгжин явсаар орчин үед хүрчээ.
Тухайлбал нүүдэлчдийн түүхэн дэх анхны төр улс болох Хүн гүрний хаад, ноёдын нэр, хэргэм зэргийн талаар баримт материал түүх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хүн гүрний төрийн тэргүүн буюу хаан нь Шаньюй болно. Эртний Хүн гүрний үеэс ноёд эздээ тодорхой цол хэргэмээр алдаршуулахын зэрэгцээ тэдэнд нутаг ус, албат ард, эрх ямба эдлүүлж байжээ.
Ноёдын зэрэг хэргэм, ямба ёс хэлбэршин тогтоно гэдэг төрийн байгуулал, түшмэл ёс гүнзгийрэн хөгжсөнийг гэрчилдэг.

Монгол улсын алдар цол, одон медаль

    Одон медаль нь анх цэргийн жанжин, гавьяа байгуулсан баатар эрст Хаанаас шагнах энгэрийн тэмдэг болж эртний Ромд үүссэн байна. Одон медаль нь Монголчуудын дунд Юань гүрний үед цэргийн язгууртан нарын зүүж хэрэглэж байсан алтан мөнгөн тэмдэгүүдийн үеэс анх үүсэлтэй гэж үзэж болох боловч Олноо өргөгдсөн Монгол улсын үед анх бүтээгдсэн “Эрдэнийн очир” одон бол албан ёсоор Монгол улсын одон медалийн эхлэл түүчээ болно.

Тэмдэг, одон, медаль гурав нь нэр нөлөө, утга чанарын хувьд ялгаатай бөгөөд Монгол улсад анх тэмдэг үүсч тэр нь хөгжсөөр одонгийн эхлэл тавигдсан бол одонгоос үндэслэн медаль үүсчээ.

Монгол улсын одон медаль, цол хэргэмийн хөгжил 1911-1990 оны хооронд зогсолтгүй явагдаж төрөл зүйлийн хувьд олширсон нь тухайн цаг үе нийгмийн үзэл санаатайгаа нягт холбоотой байсаар иржээ. 1990 онд Монгол оронд ардчиллын шинэ салхи сэвэлзэж эхэлснээр хуучин дарангуй нийгмийн хэмээн олгогдохоо болиод байсан Эрдэнийн очир одонг 1991 онд дахин сэргээсэн нь ач холбогдолтой шийдвэр болжээ. 1992 оноос 2002 оны хооронд УИХ-н тогтоол шийдвэрээр одон тэмдэгийн төрөл, хийцийн хувьд анхаарахаас гадна, дагалдах мөнгөн шагналын хэмжээг байнга нэмэгдүүлсээр ирсэн байна.

Монгол төрийн өртөө харуул зам харилцаа

Монголчуудын төрийн түүхийн музейн цахим үзмэр “Монголчуудын өртөө улаа, зам харилцаа” сэдэвт бүтээл нь үе үеийн Монголчуудын төрт улсуудын төрийн бодлого, зам, харилцаа холбоо, хил, хилийн харуул хамгаалалт, түүнтэй холбоотой хөрш улсуудын гэрээ протоколын талаар нэгдмэл нэг зорилготой электрон бүтээл болсноороо онцлогтой юм.
Монголчуудын өртөө улааны харилцаа олон зуун жилийн түүхтэй. Эртний Хүннү нарын үеэс өртөө улаа үндэслэгдсэн ба төрийн бодлогыг шуурхай түгээн дэлгэрүүлэх шаардлагаар үүсчээ.
“УУРГЫН УЛАА” гэдэг нь төрийн хэргээр яваа элч аль болох дөт замаар явахдаа зам зуурт дайралдсан айл өрх, хүмүүсээс, эзэн хаанаас олгосон гэрэгэний зэрэг дэв эрхийн дагуу унаа хөсөг хоол хүнсийг дайчлан гаргуулж алба залгуулахыг хэлдэг байжээ.
Өгэдэй хаан 1235 онд зарлиг гаргаж Уургын улааг шинэ шатанд гарган улс орноо бүхэлд нь хамарсан сүлжээ бүхий суурин өртөө байгуулахаар шийдвэрлэсэн нь төрийн удирдлага, харилцаа холбоонд эргэлт болсон чухал ач холбогдолтой үйл явдал болжээ.

Монгол улсын зоос мөнгөн тэмдэгт

Түүхч, зоос судлаач, цуглуулагч Б.Нямаа зоосон мөнгийг түүхийн дурсгал болох талаас судалсан олон арван жилийн судалгааны ажилдаа тулгуурлан он тоолол, жин хэмжүүр, газар нутгийн онцлогыг харгалзан үзэж монголын их хаадын зоосон мөнгөн тэмдэгтийн энэхүү мэдээллийн санг үүсгэжээ. Их Монгол улсын 4 хааны зоос, Монголын Юань гүрний 3 хааны зоос, Алтан ордны улсын 22 хааны зоос, Цагаадайн улсын 20 хааны зоос, Эл хант улсын 17 хааны зоос, Зүүн гарын хант улсын 2 ханы зоос, орчин үеийн цаасан мөнгөн тэмдэгт зэргийг бүлэглэн тайлбарлаж эмхтгэн оруулснаараа үнэтэй бүтээл болжээ. Үүнээс гадна Юань гүрний үеэс анх хэрэглэж эхэлсэн Монголчуудын цаасан мөнгөний түүхэн үе үеийн дурсгалыг нэгтгэн оруулсан, 1970-д оноос Монгол улсад шинэ тулгар хөгжиж эхэлсэн Дурсгалын зоосны бүхий  л төрөл зүйлийг багтаасан зэргээрээ Монголчуудын зоос, мөнгө судлалын түүхэнд шинэ хуудсын нээсэн судалгааны бүтээл болсон юм.

Монгол улсын нийслэл, төрийн ордон

Нүүдэлчин ард түмний хувьд өндөр хөгжсөн хот суурин ховор байдаг нь Монгол нутагт төр улсаа байгуулж байсан эртний улсуудаас тод харагддаг. Төв азид байгуулагдсан Монголчуудын анхны төрт улс Хүннүгийн Шаньюй нар Тамирын гол, Хархорум орчимд луут хот хэмээх томоохон хот сууринтай байсан хэмээн хятадын эрдэмтэд бичсэн байдаг. Хүннү нарт холбогдох хэд хэдэн сууринг археологийн малтлагаар илрүүлсний томоохон нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байгаа Гуа дов хэмээх суурингийн туурь юм. Хүннүгээс хойш Монгол нутагт тогтсон төрт улсууд өөрийн нийслэл хотыг байгуулан оршиж байсны ихэнх нь одоогийн Монгол орны төв хэсэг томоохон голуудын ай саваар байрласан байна.

Монголын төр, засаг захиргаа, хүн ам, эдийн засгийн тоон үзүүлэлт

Төр улс байгуулагдсан явдал нь нийгмийн бүтэц, тогтолцоог тодорхойлох, бүртгэх зайлшгүй шаардлага гарч улмаар бүртгэлийн хамгийн энгийн хэлбэр эртний Хятад, Ромд зохиогдож байжээ. Аливаа төр улсууд нь Хүн ам, эдийн засгийн тоо хэмжээг гаргах шаардлага нь татварын бодлого, эзэн харъяатын ёсноос анх урган гарсан байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр үйлдвэрлэл, хэрэглээ, өмч, худалдаа, олон улсын харилцаа өргөжиж ирсэн нь мэдээлэл цуглуулах, бүртгэх, боловсруулах үйл ажиллагаа өргөжин нарийсч нягтлан бүртгэх, улмаар статистикийн шинжлэх ухааныг үүсэн хөгжихөд түлхэц болсон
байна. Нийгэм, эдийн засгийн тогтолцоо, өдөр тутмын амьдралд гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлт, ололт дутагдал, өмнө нь байгаа болон шинээр бий болсон мөн устаж үгүй болж байгаа тэр бүх үйл явцыг бүртгэх, боловсруулах, нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, танилцуулах аргууд нь өөрийн хөгжлийн түүхэн явцдаа улам боловсронгуй болж, бүртгэлийн төрөл, чиглэлүүд ч бий болжээ.

Монголчуудаас хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр

Энэхүү цахим үзмэр нь агуулга, цар хүрээний хувьд өргөн, онцгой сонирхолтой үзмэр юм. Нийт долоон бүлгээс бүрдэх бөгөөд сэвдийн агуулга, он цагийн хувьд нэн эртнээс XIII зууны үе буюу монгол нутагт хүй нэгдлийн үеийн хүмүүс амьдарч, тэдний үлдээсэн түүхийн дурсгаланг үзүүлсэн “Түүх археологийн өв соёл” сэдэвт бүлэг, монголчууд малыг гаршуулж мал аж ахуйн ёс заншил, арга эдэлгээг харуулсан “Нүүдэлчдийн ахуй соёл” бүлэг,  XIII – XV зууны үе буюу монголчууд хүчирхэгжиж Монголын  Эзэнт гүрэн байгуулагдсан “Монголын эзэнт гүрний түүх, соёлыг харуулах бүлэг”, XV – XX зууны үе буюу монголчуудын хүчирхэг байдал эцэс болж, манжийн эрхшээлд орсон боловч өнгөрсөн түүхээ дээдлэх, түүнд холбогдох ном, бичиг үсэг, урлагийн төрлүүдэд хөгжил гарсныг харуулах “Ардын урлаг”, “Бичиг үсэг”, “Мэдлэг ухаан”, “Уран сайхны соёл” сэдэвт бүлэг, хэсгүүдийг тус тус багтаажээ.

Монголын төр, засаг захиргааны зохион байгуулалт

Монголчуудын үе үеийн төрт улсуудын төр, засаг захиргааны зохион байгуулалтыг үзүүлэхдээ:
1. Тухайн улсын төрийн бүтэц зохион байгуулалт
2. Засаг захиргааны зохион байгуулалт
3. Хаадын үе залгамжлал зэргийг гол болгон тайлбарласан байна.
Монголчуудын төрийн уламжлал нь 2200 гаруй жилийн түүхтэй. Хүн нарын төр улсаа байгуулсан цадиг түүх нь Монголын төр ёсны хөгжлийн анхны үр хөврөл, хөгжин дэвших хөрс суурь нь болжээ.
Хүн гүрний төр ёс, түүнийг залгамжлан буухиалсан Сүмбэ (НТ II- IV зуун), Их Нирун (330-555 он) улс, Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг (555-745 он), Уйгур (745-840 он) улс, Монгол угсааны Хидан гүрэн (916-1125 он) бүгд төрийн засаглалийн хэлбэрийн хувьд хаант улс байв. Хүн нар төрийн тэргүүн “Шаньюй”-аа тэнгэрээс заяат “тэнгэрийн хүү” хэмээн үздэг бөгөөд Шаньюй нь өргөмжилсөн цол хэрэглэх ёс тогтож, олон зэрэг дэв бүхий түшмэд ёс бүрэлдэн төлөвшсөн. Хүнчүүд арван өрхөөс аравт, арван аравтаас зуут, арван зуутаас мянгат, арван мянгатаас түмэнг бүрдүүлдэг засаг захиргааны аравтын тогтолцоог буй болгосон нь дараагийн улсуудаар дамжин Их Монгол улсад уламжлагджээ.

Та бүхэн дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл Монгол Төрийн түүхийн музейд хүрэлцэн ирэхийг урьж байна

Translate lang » Хэл солих